Thursday, December 16, 2010

Алдартай гей одуудын амьдрал, амжилт 1 - Gay Celebrities' Life and Success 1 - Adam Lambert

Дээр нэг блогтоо "Another country" болон "Total Eclipse" гэсэн алдартай тагнуулч болон алдартай зохиолч нарын амьдрал дээр тулгуурлаж хийсэн кинонуудын талаар оруулахдаа тухайн хүмүүсийн талаарх мэдээллийг оруулж байсан.

Харин өнөөдрөөс эхлэн блогтоо зөвхөн кино биш мөн албан ёсоор олон нийтэд коминг аут хийсэн алдартай гей хүмүүсийн амжилт, амьдралын талаар бас оруулж байвал бас сонирхолтой юм болов уу гэж бодлоо. Гэхдээ өнөө үед ид ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн талаар оруулж байхаар шийдлээ.

Ингээд энэ хэсгийн салхийг хагалж Америкийн хамгийн алдартай хөгжимийн шагнал гардуулах ёслол болох Grammy-д 2010 оны "Шилдэг эрэгтэй, поп дуучин" хэмээх номинацид Майкэл Бублэ, Майкэл Жексон, Бруно Марс, Жон Маяар гэсэн дуучидтай өрсөлдөн нэр дэвшээд байгаа мөн миний хамгийн дуртай дуучидын нэг болох Adam Lambert-ийн тухай эхэлж орууллаа.

Америкийн хамгийн их үзэгчидтэй алдарт "Америкийн шүтээн" хэмээх шинэ, дуучин хайх шоуны 2009 оны оролцогч Adam Lambert шоунд оролцож эхэлсэн анхны өдрөөсөө өөрийн авъяасаараа дэлхий дахиныг байлдан дагуулж эхэлсэн. Энэ шоунд Адам 2-р байрт орсон. Хэдийгээр Адам энэ шоуны ялагч болж чадаагүй ч гэсэн энэ шоунаас төрсөн хамгийн алдартай дуучин болоод байгаа юм.

Адам 1982 онд Америкийн Калифорнагийн Сан Диего хотод төрсөн. Айлын хоёр хүүхдийн том нь. /эрэгтэй дүүтэй/ Адам багаасаа дуулах дуртай байсан бөгөөд хожим 18 насандаа Лос Анжелес хотруу дуучины кареераа хөөхөөр нүүсэн. Ингээд олон жил театрт дуулсан боловч төдийлөн олны танил болж чадаагүй юм. Адам хэдийгээр поп, рок дуучин болохыг хүсэж олон продюсерүүдтэй уулзаж өөрийнхөө дууг сонсгосон боловч тухайн үед хэн ч түүнтэй хамтран ажиллаагүй юм.

Ингээд 2009 онд Адам "Америкийн шүтээн"-д орсоноор өөрийн амжилтанд хүрэх замаа нээсэн юм. Энэ шоуны үеэр Адам маш олон алдартай одуудын анхаарлыг татаж чадсан бөгөөд шоуны дараа маш олон алдартай дуучид, алдартай продюсерүүд Адамтай хамтран ажиллах санал тавьсаар түүний амжилтын гараа эхэлсэн юм. Ингээд Адам 2009 оны 11 сард "For Your Entertainment" гэсэн анхны альбомоо гаргасан нь гарсан долоо хоногтоо 200 мянга шахам хувь борлогдож "Billboard 200" жагсаалтын 3-р байранд бичигджээ. Энэ цомогтоо Адам "Pink", "Lady Gaga" зэрэг алдартануудтай хамтран ажилласан юм. Мөн Адам 2010 онд өөрийн анхны альбомоо танилцуулах болон фэнүүддээ өөрийн амьд тоглолтыг хүргэх зорилгоор "Glam Nation" гэсэн дэлхий тойрсон аялан тоглолтоо 2010 оны 6 сарын 4-нээс эхлүүлж 2010 оны 12 сарын 16 хүртэл амжилттай явуулж дууссан. 6 сарын дотор нийтдээ 113 шоуг 20 гаруй оронд тавьсан үнэхээр асар хөдөлмөрч хүн юм.

Ихэнхидээ алдартай гей хүмүүс кареераа эхэлж байх үедээ сексийн чиг, баримжаагаа нууж гарч ирдэг. Магадгүй энэ нь тэдний кареерт маш их нөлөөлдөг учраас. Харин нилээд алдаршиж, байр сууриа бүрэн олсоны дараа коминг аут хийдэг. Харин Адамын хувьд анх гарч ирэхдээ зоригтойгоор гей гэдгээ нуулгүйгээр ил, тод гарч ирсэнээрээ бусад одуудаас өөр юм. Түүнийг "Америкийн шүтээн" шоуны шилдэг 13 оролцогчийн тоонд багтах үеээр түүний хуучин найз залуутайгаа үнсэлдэж байгаа зураг нь интернетээр цацагдаж шуугиан тарьсан. Харин тэр үед Адам тэр зургийг өөрийнх нь зураг гэж хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тухайн үедээ ямар нэгэн мэдээлэл хийгээгүй. Энэ талаар хожим тайлбарлахдаа "Би үнэхээр тухайн үед энэ шоуны ялагч болохыг хүсэж байсан. Хэрэв энэ үед өөрийгөө "гей" гэж мэдэгдэл хийвэл шоуны үр, дүнд нөлөөлөх байх гэж болгоомжилсон" гэж ярьжээ.

Хожим тэмцээний үр дүн гарсан хойно Адам америкийн хамгийн алдартай сэтгүүл болох "Rolling Stone"-д ярилцлага өгөхдөө "Намайг гей гэхэд хүмүүс нэг их гайхаад байхгүй байх гэж бодож байна" гэж хэлжээ. Ер нь Адам хэзээ ч өөрийгөө гей гэдгээ нууж байгаагүй хамгийн нээлттэй одуудын нэг юм.

Adam 2009 онд оны хамгийн их олны сонирхолыг татаж, шуугиан тарьсан алдартануудын жагсаалт болох "10 Most Fascinating People of 2009" жагсаалтад орсон. Мөн Adam "People" сэтгүүлээс жил бүр гаргадаг хамгийн секси эрэгтэй одуудын жагсаалт болох "Sexiest Male Celebrity 2010" жагсаалтыг тэргүүлсэн.

Адам ер нь маш нээлттэй, бодож санасанаа нуулгүй хэлдэг, зоригтой, хөдөлмөрч одуудын нэг юм. Үүгээрээ ч заримдаа хүмүүсийн санаанд багтамгүй үйлдлүүдийг хийж шуугиан тарьдагаараа алдартай.

Адамын хамгийн их хүмүүсийн анхаарлыг татсан сенсаациудаас:

1. Түүнийг "Америкийн шүтээн" шоунд оролцож байх үед нь түүний хуучин найз залуутайгаа үнсэлдэж буй зураг болох "Drag Queen" стилээр хувцасласан зурагууд нь интернетээр цацагдсанаар түүнийг гей гэдэг анхны хардалтууд гарч эхэлсэн.


2. "Америкийн шүтээн" шоунд Kris Allen-д ялагдсан нь маш их шуугиан тарьсан. Энэ үеэр шоуны фэнүүд шоуны үр, дүнд будлиан гарсан гэж шоуны зохион байгуулагчидыг буруутгасан. Мөн шоуны төгсгөлийн үр, дүн гарах санал асуулгын үеэр зарим хүмүүс энэ шоунд гей залуу түрүүлэхийг хүсээгүй тул түүний өрсөлдөгчид санал өгүүлэх талаар маш том, том компанит ажлууд зохион байгуулагдсан гэсэн шуугиан. Ялангуяа үзэгчидэд үнэгүй гар утас Kris Allen-д санал өгөх зорилгоор тараагдсан, саналыг тоолох явцад будлиан гаргах, санал өгөх дугаарыг хүмүүст буруу өгөх зэрэг будлиан гарсан гэсэн шуугианууд.

3. "Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслол 2009"-д шоуны үеэр тайзан дээр өөрийн "For Your Entertainment" гэсэн дуугаа дуулж байх үедээ басс гитарчин залуугаа барьж авч үнссэн. Энэ шоу нь тухайн үедээ Америкийн үндэсний телевизээр шууд цацагдаж байсан тул маш олон эцэг, эхчүүд үүнээс болж телевизэд гомдол гаргасан. Энэ гомдолоос шалтгаалан түүний "Өглөөний мэнд Америка" гэсэн ABC телевизийн нэвтрүүлэгт оролцох байсан гэрээ нь цуцлагдсан.

4. За тэгээд хамгийн ихээр шуугиан тарьсан зүйл нь мэдээж түүний авъяас, түүний гайхалтай уран бүтээлч сэтгэлэгээ, түүний чадалтай хоолой, түүний агуу их хөдөлмөрч зан, түүний зориг....

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.